Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 Барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх болон хийц бүтээц, цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг өөрчлөх, засварлахдаа гал түймэртэй тэмцэх, асуудал эрхэлсэн байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авах,

18 дугаар зүйлийн 18.1 Барилга байгууламжийн хийц бүтээцийн шийдэл нь гал түймэр гарсан тохиолдолд хүн амын аюулгүй байдлыг хангахуйц, гал түймрийг бага хохиролтойгоор унтраах бололцоог хангасан байна,

19 дүгээр зүйлийн 19.1 Галын аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон стандарт, бусад техникийн нормативыг албан тушаалтан, иргэд үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллах үүрэгтэй,

20 дугаар зүйлийн 20.1 Барилга байгууламж, объектын зураг төсөл зохиох, барилга барих, засварлах хийц бүтээцийг өөрчлөх, техник технологийг шинэчлэхэд галын аюулгүй байдлын шаардлага /стандарт, техникийн норматив/-ыг дагаж мөрдөнө гэсэн заалтууд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын “Журам батлах тухай” 29 дүгээр тушаалыг үндэслэн барилга байгууламжийн зураг төсөлд галын аюулгүй байдлын хангуулах чиглэлээр шүүмж, дүгнэлт, зохих зөвшөөрлийг олгоно.

Барилгын зураг төсөлд хяналт хийгээд олгосон галын аюулгүй байдлын мэргэжлийн зөвшөөрөл нь барилгын зургийн нүүр хуудас, бусад холбогдох хуудас дээр дарсан гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн тэмдэг /эсхүл зөвшөөрөв гэсэн тусгай тэмдэг/, гарын үсэг, зураг хянасан гал түймрийн улсын хяналтын байцаагчийн зураг төсөл хянасан тухай дүгнэлт, бусад холбогдох хуудсан дээр дарсан дардастай хамт хүчинтэйд тооцогдоно.

Барилгын зургийн төслийг хянах хугацаа:

  • Томоохон хэмжээний байгууламж, цогцолбор, онцгой хийц бүтээц, техникийн шийдэл бүхий барилга байгууламжийн зургийг ажлын 10 хоногт .
  • Ердийн барилгын иж бүрэн зураг төслийг ажлын 5 хоногт.
  • 3000 куб.м-ээс бага багтаамж бүхий барилга болон өргөтгөл, нэмэлт өөрчлөлтийн зургийг 1-3 хоногт багтаан хянана.

Барилгын зураг төсөл хянуулах иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Барилгын зурагт хяналтхийлгэххүсэлт
  • Тухайн барилга байгууламж баригдах газар олголтын захирамж
  • Мэргэжлийн комиссын хурлын схем зураг
  • Барилгын иж бүрэн зураг
  • Техникийн нөхцөл /УСУГ, УБДШ, УБЦТС-ийн техникийн нөхцөл/
  • Зураг төсөл гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрөл
  • Зураг төсөл хяналтын хураамж төлсөн баримт