Үндэсний аврах бригад нь үүсэн байгуулагдсанаас хойш бүс нутгийн хэмжээнд болон Монгол Улсын нутаг дэвсгэрт гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх хуулиар хүлээсэн ард иргэдийг гамшиг, аюулт үзэгдэл, ослоос авран хамгаалах ариун үүрэг, өргөсөн тангарагтаа үнэнчээр нэр төртэйгээр биелүүлэн Монгол улсын бүтээн байгуулалтад үүрэг гүйцэтгээд 55 дахь жилийн нүүрийг үзэж байна.
Хоёр зууныг өртөөлөн ирсэн Үндэсний аврах бригадын түүхэн замнал нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн шинэчлэл, олон улсын харилцаанд гарч байгаа үйл явц, өөрчлөлт зэргээс шалтгаалан батлан хамгаалах зорилтод байгууллагын бүтцэд эдийн засаг, нийгмээ хамгаалах түүхэн үүргүүдийг гүйцэтгэж ирсэн байна.
Тус байгууллагын түүхэн замнал нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1967 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Н/22 дугаар тогтоолоор Төмөр замын барилга, засвар, сэргээн босголтыг хариуцан гүйцэтгэх үүрэгтэй Төмөр замын тусгай батальоныг Ардын цэргийн бүрэлдэхүүнд 1967 оноос эхлэн 300 хүнтэйгээр байгуулахыг Ардын Цэргийн хэрэг эрхлэх яаманд зөвшөөрч, Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны сайд бөгөөд Ардын армийн командлагчийн 1967 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Н/83 дугаар тушаалаар байгуулж, 1967 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын Туул зөрлөгийн орчимд анги байгууллагын тулгын чулууг тавьсанаар эхэлжээ.
Энэ бол анги байгууллагын үндэс суурийг бий болгосон төрийн дээд байгууллагын анхны маш чухал шийдвэр бөгөөд тээвэр харилцааны гол салбар болох Төмөр замын байгууллагад бүтээн байгуулалт хийх, сэргээн босгох үүрэгтэй анхны цэргийн анги байсан гэж үздэг.
Ардын армийн Төмөр замын тусгай батальон нь анх байгуулагдахдаа тайван цагийн орон тоогоор төмөр замын барилга, засварын рот, сэргээн босголтын инженерийн рот, харуулын салаа, аж ахуйн салаа, хөгжмийн групп гэсэн нэгжүүдтэй байгуулагджээ.