НҮБ-ын Ерөнхий ассамблей 2002 онд жил бүрийн тавдугаар сарын 29-ны өдрийг Энхийг сахиулагчдын олон улсын өдрөөр (International Day of United Nations Peacekeepers) зарлажээ. Энэ баяраар дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах хүндтэй үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн эр зоригийг бахдах учиртай.
НҮБ-ын гишүүн 124 гаруй орны цэрэг, цагдаагийн болон энгийн 113 мянга орчим албан хаагч дэлхийн 4 тивийн 20 гаруй улсад явагдаж буй 16 энхийг дэмжих ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, улс хоорондын мөргөлдөөнийг хянан зохицуулах, хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байна.
Баримтууд:
- Эвлэрлийн нөхцөлийг хэрхэн биелүүлж буйг ажиглах НҮБ-ын байгууллага гэсэн нэртэйгээр энхийг сахиулагчид Палестинд 1948 оны тавдугаар сарын 29-нд анхны ажиллагаагаа эхэлж байв.
- НҮБ-ын онцгой хүчин 10 орны бүрэлдэхүүнтэйгээр Франц, Англи, Израилийн цэргийг Египетийн Суэцийн сувгаас гаргах ажиллагааг 1957 онд хянаж байв. Тэр онд л анх цэнхэр дуулгыг хэрэглэжээ.
- 1948оноос хойш НҮБ нийтдээ энхийг сахиулах 71 ажиллагааг явуулаад байна.
- 1988 онд НҮБ-ын энхийг сахиулах хүчин Нобелийн энх тайвны шагналаар анх удаа шагнагдав.
- Энэ хугацаанд 3.5 мянга гаруй энхийг сахиулагч амь үрэгджээ.

Харин Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2012 оноос хойш даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй мөр зэрэгцэн энхийг сахиулах үүргийг гүйцэтгэж байгаа билээ.
Энэ хугацаанд Үндэсний аврах бригадаас 70 гаруй алба хаагч Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна.

Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэнхэр дуулгатнуудын гурав нь эмэгтэй алба хаагч бөгөөд үүний нэг нь Үндэсний аврах бригадийн Холбоо зарлан мэдээллийн тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Э.Золзаяа бөгөөд 2017-2018 онд үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн.

НҮБ-ын энхийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн, үүргээ нэр төртэй биелүүлж буй Цэнхэр дуулгатан та бүхэнд “Энхийг сахиулагчдын өдөр”-ийн мэндийг хүргэе.